Бодит байдлаас харахад олон улсын боловсролын туршлага нь мэргэжлийн замналын өрсөлдөөний давуу тал болж байна. Шинэ орчинд нэвтрэх, өөр хэл сурах, олон төрлийн ур чадвар эзэмших, орчин үеийн мэдлэгтэй болох, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицох чадвар зэрэг нь хүчирхэг мэргэжилтэн ба чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг. Манай сэтгүүлийн редакц уншигчдадаа Оросын их дээд сургуулийг амжилттай төгссөн шинэ баатруудыг тогтмол танилцуулдаг. Өнөөдрийн манай зочноор Зүүн Хойд Холбооны их сургуулийн Биеийн тамир, спортын хүрээлэнгийн төгсөгч, Монголын Мас-реслингийн холбооны үүсгэн байгуулагч Батбаатар Эрдэнэваанчиг оролцож байна.
Спортын гүүр Монгол - Якут
Якутад суралцсан, тэр дундаа Зүүн хойд Холбооны их сургуульд суралцсан туршлага бол миний хувьд эерэг бөгөөд амьдралын ба мэргэжлийн чухал туршлага юм. Якутад суралцахаар ирэх боломжийн талаар бодож байгаа хүмүүст зориулж би хэд хэдэн чухал зүйлийг хэлмээр байна.
Нэгдүгээрт, цаг уурын нөхцөл ижил төстэй байдаг. Монгол бол эх газрын эрс тэс уур амьсгалтай орон. Манайд өвөлдөө маш хүйтэн байдаг. Энэ нь надад дасан зохицоход ямар нэгэн саад бэрхшээл тулгараагүйн шалтгаан болсон, би хурдан дассан.
Хоёрдугаарт, гайхалтай дэд бүтэц. Тохилог оюутны хотхон, шинэ оюутны байр, хичээл ба бэлтгэлд шаардлагатай бүх зүйлсийн хүртээмжтэй байдал нь энд тав тухтай амьдрах боломжийг олгодог.
Гуравдугаарт, өөр улс руу нүүх зэрэг эрс өөрчлөлт нь харилцааны хүрээллийг тэлж, шинэ найз нөхөд, шинэ танил хүмүүстэй болдог. Якутууд бол зочломтгой, найрсаг хүмүүс тул надад шинэ хүмүүстэй харилцах нь хялбар бөгөөд тааламжтай байсан. Ангийнхаа зарим хүүхдүүдтэй бид одоо ч гэсэн харилцдаг. Түүнчлэн куратор болон багш нар оюутнуудад үнэлж баршгүй дэмжлэг үзүүлдэг. Би ЗХХИС-ийн Биеийн тамир, спортын хүрээлэнгийн гайхалтай багш нарт, ялангуяа миний куратор Иосиф Иосифович Портнягинд талархал илэрхийлэхийг хүсч байна.
Эцэст нь дөрөвдүгээрт, боловсролын өндөр чанар, хичээл, бэлтгэл болон бусад хичээлийн бус үйл ажиллагааг хослуулах боломжийг олгодог сайн зохион байгуулалттай боловсролын үйл явц. Спортоор хичээллэх дуртай миний хувьд энэ нь маш чухал байсан. Энэ талаараа ЗХХИС маш сайн, би магистр болон аспирантурыг төгсөж чадсан.
ЗХХИС-ийн магистрын хөтөлбөрт элсэхээсээ өмнө би Якутын өөр нэг их сургуульд суралцаж байсан гэдгээ хэлэх ёстой. Би Чурапчагийн биеийн тамир спортын дээд сургуульд бакалаврын зэргээр суралцаж төгссөн. Тэнд сурч байхдаа би ЗХХИС болон тус их сургуулийн магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах боломжтойг мэдэж авсан.
Чурапчагийн биеийн тамир спортын дээд сургуульд би чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Дараа нь ЗХХИС-д элсээд би мас-реслинг, самбо, жүдо болон бусад төрлийн спортоор хичээллэж эхэлсэн.
Би Мас-реслингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзлэсэн. Энэ нь надад Монголд Мас-реслингийн холбоо байгуулах түлхэц өгсөн. Тэр үеэс хойш би эх орондоо Якутын үндэсний спортын төрлүүдийг сурталчилж, жил бүр Якутад ирж тэмцээнд оролцдог.