Оростой илүү дотно

Нийтлэлийн үндсэн зураг

Орост ирээд энэ сайхан оронд дурлахгүй байхын аргагүй. Үүнийг Оросын их дээд сургуулийн гадаад оюутан бүр нотолно. Та Оросын Холбооны Улсад байхгүй байхдаа ч гэсэн зочломтгой уур амьсгалыг мэдэрч, Оросын уламжлалт баяр ёслолд оролцож, Оросын их дээд сургуульд элсэхийн тулд авьяас чадвараа харуулах боломжтой.

Улаанбаатар дахь «Русский Дом» (РЦНК) нь ийм төрлийн олон тооны арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд эдгээр арга хэмжээнд оролцох нь таныг Оросыг өөрийн нүдээр харах ба Оросын их сургуулийн оюутан болох том мөрөөдөлд тань урам зориг өгөх болно. Бид та бүхэнд Монголд болдог хамгийн тод, сонирхолтой ба зугаатай арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

«Поехали!» оддын цээж бичиг

Жил бүрийн 4-р сард Монгол улс болон дэлхийн бусад улс орнуудад «Поехали!» оддын цээж бичиг хэмээх «Россотрудничество»-ийн нийгэм, соёлын төсөл зохион байгуулагддаг! Анх удаа энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээг 2021 онд Юрий Гагарины сансарт ниссэний 60 жилийн ойн баяраар зохион байгуулсан юм. Үүнд 45 орны 17 000 гаруй хүн оролцсон. 2022 онд 62 орны 24 000 хүн Оддын цээж бичгийг бичсэн. 2022 оноос эхлэн тус онлайн цээж бичгийг «Циолковский» кино ба сансрын тухай нэвтрүүлгийн Олон улсын кино наадмын хүрээнд явуулдаг болсон. Энэ жил цээж бичгийн бичвэрийг Оросын зохиолч, сэтгүүлч, сансрын түүхч, сансрын тухай маш сонирхолтой шинжлэх ухааны уран зөгнөлт, шинжлэх ухааны олон нийтэд зориулсан бүтээлүүдийн зохиолч Антон Первушин зохиосон юм.

Тус арга хэмжээнд нас, боловсрол, оршин суугаа газраас үл хамааран хүн бүр оролцох боломжтой. Хамгийн гол нь сансар судлалын үйл явдлуудтай холбоотой түүхэн үйл явдлуудыг эргэн дурсаж, авьяаслаг залуусыг илрүүлэх явдал юм.

Тусгай маягтаар оролцогчид зөв үг ба хэллэгийг тэмдэглэдэг. Гадаадын улс оронд цээж бичиг бичиж буй хүмүүст зориулж сайт дээр араб, хятад, герман, франц эсвэл англи хэлийг сонгох боломжтой байдаг.

Бүртгүүлээд, оролцоод, шагналын эзэн болоорой!

Орос хэлний сургалт

Улаанбаатар дахь «Русский Дом» (РЦНК) нь нас ба боловсролын түвшингээс үл хамааран хүн бүрт зориулагдсан орос хэлний төлбөртэй сургалтууд зохион байгуулдаг.

Хоёр сарын эрчимжүүлсэн сургалт эсвэл нэг жилийн сургалт сонгох боломжтой. Дунд сургуулийн төгсөгчдөд зориулсан тусгай өдрийн ангийн сургалт бас байдаг.

Орос хэлний сургалтын сурагчдын дунд уламжлал болсон хаврын спартакиадыг зохион байгуулдаг. Энэ оны гуравдугаар сард тус спортын арга хэмжээ нь Зөвлөлт Холбоот Улсын Маршал ба хошой баатрын цолтой Исса Плиевын нэрэмжит 49-р дунд сургуульд явагдсан. Охид, хөвгүүд сагсан бөмбөг ба гар бөмбөгийн төрлөөр өрсөлдсөн.

Түрүүлсэн багууд диплом болон дурсгалын медалиар шагнуулсан, харин шавь нараа дэмжихээр ирсэн багш нар амралтын өдрийн эрч хүч авах ба сурагчдаараа бахархах урамшуулал хүртсэн юм!

Улаанбаатар дахь «Русский Дом»-д (РЦНК) найман уран бүтээлийн холбоо байнгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоёр улсын иргэд уран зураг, дуу, театр, бүжиг дэглэлтийн чиглэлээр хичээллэдэг юм. Олимпиад, Оросын их дээд сургуулиудын төлөөлөгчдийн уулзалт, Оросын их дээд сургуульд элсэх сонгон шалгаруулалтын ярилцлага болон бусад арга хэмжээ зохион байгуулагддаг.

Нармандах Батцэцэг, багш, нээлттэй боловсролын хүрээлэнгийн арга зүйч

Манай сурагчдын ихэнх нь цаашид оросын боловсрол эзэмших зорилготойгоор орос хэлийг эхнээс нь сурч байгаа монгол сургуулийн ахлах ангийн сурагчид байдаг. Ажил хийдэг залуучууд орос компаниудтай хамтран ажиллахын тулд манай сургалтанд хамрагддаг.

Валерия Кильпякова, Улаанбаатар дахь «Русский Дом»-ын (РЦНК) даргын үүрэг гүйцэтгэгч

Манай хүүхдүүд орос хэлийг идэвхтэй судлахаас гадна спортоор идэвхтэй хичээллэдэг нь их сайн хэрэг, учир нь биеийн эрүүл мэнд нь сайн сайхан байдал, сайн мэдлэгийн үндэс болдог. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ.

«Русская мелодия» дууны уралдаан

Уран бүтээлийн уралдаан тэмцээнд монгол залуус оролцох маш их сонирхолтой байдаг. “Русская мелодия” уламжлалт дууны уралдаанд (Багануур хот) энэ онд 100 гаруй хүн оролцсон.

Улаанбаатар дахь «Русский дом»-ын (РЦНК) ажилтнуудыг багтаасан хатуу шүүгчдийн бүрэлдэхүүн нь бүх насны оролцогчдыг гоцлол дуу, найрал дуу, чуулга дуу хэмээх төрлүүдээр үнэлсэн. Цагдаа, инженер, цахилгаанчин, цэргийн алба хаагч, сурган хүмүүжүүлэгч, оюутнууд, мэдээжийн хэрэг орос хэлний багш зэрэг төрөл бүрийн мэргэжлээр ажилладаг оролцогчид дууны чадвараараа шүүгчдийг гайхшруулсан.

Уралдаан хоёр үе шаттай явагдсан: сонгон шалгаруулах үе шатанд хамгийн олон оноо авсан оролцогчид финалын шатанд шалгарсан. Дараа нь насны ангилал бүрт гурав гурван шагналын байрыг тодруулсан. “Русская мелодия” дууны уралдааны ялагчдад тус арга хэмжээний зохион байгуулагч ба түнш байгууллагуудаас өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсийг шагнаж урамшуулсан. «Русский Дом»-ын (РЦНК) нь уралдааны хамгийн бяцхан ялагчид болон орос хэлний залуу багш нарт зориулж номын бэлэг бэлдсэн.

«Широкая Масленица» буюу «Шар тосны баяр»

Шар тосны баярыг Улаанбаатар хотод маш хөгжилтэй бөгөөд өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг. Энэ жил Оросын уламжлалт баяраар мянга орчим хүн «Русский Дом»-д (РЦНК) хүрэлцэн ирсэн юм.

Энэхүү ардын баярыг Орост өвлийн улирлын төгсгөлд тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ нь хаврын эхэн үеийн бэлэгдэл болдог. Олон зуун жилийн уламжлалын дагуу өвлийн улирлыг өргөн дэлгэр баярлан үдэж, зочдыг амттангаар дайлж, цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлдэг заншилтай.

Улаанбаатар хотын «Русский Дом»-д (РЦНК) энэхүү баяр нь сайхан уламжлал болоод удаж байгаа, гэхдээ цар тахлын улмаас хэдэн жил дараалан зохион байгуулагдаагүй юм. Энэ жил арга хэмжээ нь Монголын үндэсний баярын өдрүүдтэй давхцсан.

Үзэгчид хөгжим, бүжиг дэглээч үзүүлбэр үзэн хөгжилдөж, дуулж, бүжиглэж, тостой шон руу авирч, олон төрлийн тоглоом, зугаа цэнгэл, уралдаан тэмцээнд оролцож, блинчик идэж, дугуй бүжиг бүжиглэжээ.

Баярын удаан хүлээсэн оргил үе нь «Широкая Масленица» сугалааны хожлын тохирол байлаа. Арга хэмжээний оролцогчдын дунд Оросын их, дээд сургуулиуд, Улаанбаатар дахь «Русский Дом» (РЦНХ) болон Аэрофлот, Газпромбанк, Монретранс, «Сезам» зөв хооллолтын үйлдвэр, FIX PRICE дэлгүүр зэрэг «Россотрудничество»-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын түнш байгууллагуудаас 30 шагналтай сугалааны хожлын тохирол явагдсан юм.

Түүх сонирхогчдын клуб

2023 оны хавар Монгол дахь «Россотрудничество»-ийн талбайд «Түүх сонирхогчдын клуб» нээгдсэн. Орос-Монголын хамтын түүхийг судлахаар монгол залуучууд, Орос ба Монголын түүхчид, оросын ТББ-уудын төлөөлөгчид нэгдсэн юм.

Даваажав Баяртогтох, «Түүх сонирхогчдын клуб»-ын удирдагч, түүхийн шинжлэх ухааны доктор

Манай клубын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Орос Монголын хамтын ажиллагаатай холбоотой сэдвүүдийг судлахад оршдог. Манай хоёр улс нөхөрлөлийн олон арван жилийн түүхтэй, орос ба монголчуудын харилцааны түүхэнд олон тооны сонирхолтой баримтууд байдаг, гэвч харамсалтай нь ихэнх залуучууд үүний тухай мэддэггүй. Хүмүүс түүхээ мэддэг байх ёстой, учир нь түүх бол манай хоёр улсын ард түмнүүдийн амьдралын салшгүй хэсэх юм.

Орос-Монголын хамтын ажиллагааны түүхэн үйл явдлуудыг сонирхдог бүх хүмүүсийг манай клубт элсэхийг урьж байна. Манай клубын хаалга хүн бүрт нээлттэй байдаг, манай уулзалт сар тутам «Русский Дом»-д (РЦНК) явагддаг. Манай үйл ажиллагааны зарлалыг хараарай.

«Эх орныхоо тухай дэлхийд ярь» олон улсын уралдаан

Монголын дунд сургуулийн сурагчид «Эх орныхоо тухай дэлхийд ярь» олон улсын 5-р уралдаанд идэвхтэй оролцлоо. Монголын түүхэн дурсгалт газар, аялал жуулчлалын объект, үзэсгэлэнт газруудын тухай 17 бүтээл тус арга хэмжээний чимэг болсон гэж арга хэмжээний зохион байгуулагчид онцолсон юм.

«Хүүхэд залуучуудын хөгжил, хүмүүжлийн дэвшилтэт төв» бие даасан ашгийн бус байгууллага нь Оросын Төрийн Думын Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн хороотой хамтран «Россотрудничество»-ийн дэмжлэгтэйгээр 2023 оны хавар тус уралдааны эхлэлийг зарласан. Монгол хүүхдүүд энэ төсөлд маш хурдан хамрагдаж оролцсон.

Тус уралдааны нөхцөлийн дагуу дэлхийн өөр өөр улс орны хүүхэд залуучууд эх орныхоо амьдралын хамгийн сонирхолтой мөчүүдийг сонгон авч, тэднийг видео бичлэг эсвэл танилцуулгын хэлбэрээр ярих ёстой байсан юм. Жил бүр тус уралдааны оролцогчдын бүтээлүүд интернетэд нийтлэгдэж, Оросын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр, мөн улсын болон олон нийтийн томоохон платформуудаар цацагддаг.

«Эх орныхоо тухай дэлхийд ярь» уралдаан зохион байгуулагдсан нийт хугацааны турш уралдааны оролцогчид Оросын 89 бүс нутаг болон гадаадын 52 улс орноос 10 000 орчим бүтээл ирүүлсэн байна. Тав дахь уралдаанд Орос, Киргиз, Беларусь, Монгол, Казахстан, Молдав, Узбекистан, Ливан, Вьетнам зэрэг 35 улсын төлөөлөгчид оролцсон.

Монгол хүүхдүүд Эх орныхоо тухай юу ярьсан бэ? Жишээлбэл, Хадбаатар Гантулга 15-аас дээш насны ангиллын «Видео бичлэг»-ийн бүтээл ирүүлсэн. Түүнд тэрээр «13-р зуун» үндэсний цогцолборын талаар ярьсан. Чинбат Эрхэмбаяр Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөг танилцуулж, түүний хэмжээ, бэлэгдэл ба байршлын тухай ярьсан.

«Эх орныхоо тухай дэлхийд ярь» уралдааны бусад оролцогчдын бүтээлүүд

Эрхүү хотын одон орон судлалын хүрээлэнгийн хамт одон орон судлалын ажиглалт

2023 оны 3-р сард Эрхүү хотын одон орон судлалын хүрээлэн Улаанбаатар хотод дахин ирж, хотын оршин суугчдад зориулсан боловсролын аяны ажил хийж явуулсан. «Россотрудничество»-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Оросын одон орон судлаачдын ачаар оддыг задгай тэнгэрт ажиглах боломжтой байсан.

Дөрвөн өдрийн турш хүссэн хүн бүр өсөн томорч буй Сар, Сугар, Ангараг гараг болон хос оддыг хамгийн их ойртуулсан хэмжээгээр харж чадсан юм.

Павел Никифоров, Эрхүү хотын одон орон судлалын хүрээлэнгийн захирал (Орос, Эрхүү муж, Эрхүү хот)

Бид “Азийн хаалга” олон улсын үзэсгэлэнд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жил хүссэн хүн бүрт оддын одон орны ажиглалт хийлгэж үзүүлэхийн тулд Монголд дахин дурантайгаа ирсэн.

Улаанбаатарын тэнгэр үргэлж үзэсгэлэнтэй байдаг, харин хотоос гараад улам гоё болдог - гудамжны гэрэлтүүлэг, хиймэл гэрэлгүй болдог учраас үргэлж олон одод харагддаг. Энэ удаад цаг агаарын байдал их сайхан байсан тул Сар, Сугар, Ангараг гаригийн ажиглалт онцгой сонирхолтой болсон. Мэдээжийн хэрэг 3-р сарын 24-ний үдэш Сугар гараг Сартай маш ойртох үед хийсэн ажиглалтууд хамгийн гайхалтай байсан. Энэ нь одон орон судлалын хувьд ховор тохиолддог үзэгдэл бөгөөд бид үүнийг монгол хүмүүст харуулж чадсандаа баяртай байна.

«Артекийн хүмүүс» олон улсын уралдаан

Хамгийн идэвхтэй бөгөөд сониуч хүүхдүүд олон хүүхдүүдийн мөрөөдөл болсон «Артек» зуслан руу явах боломжтой. Энэ гайхалтай боломжийг авахын тулд өөрийн амжилтуудыг заасан хүсэлт бөглөхөөс гадна бас нэг арга бий – судалгааны уралдаан оролцох.

«Артек»-ийн зуун жилийн ойг тохиолдуулан «Артекийн хүмүүс» хэмээх олон улсын судалгааны уралдаан зохион байгуулагдаж байна. Сургуулийн сурагчид өмнөх жилүүдийн Артекийн хүмүүсийн тухай мэдээлэл цуглуулж, тэдний амьдралын замнал, ололт амжилтын талаар олж мэддэг.

Тус уралдаанд гадаадын 29 орны 12-17 настай сурагчид, мөн Монголд байнга оршин суудаг эх орон нэгт орос хүүхдүүд оролцох боломжтой. Уралдааны ялагчид «Артек»-ийн 8-р зуны ээлжээр үнэ төлбөргүй амрах эрхтэй болно.

Константин Федоренко, «Артек» ОУХТ-ийн захирал

«Артек» бол бараг нэг зуун жилийн түүхтэй олон улсын хүүхдийн төв юм. Манай төв нь үйл ажиллагаа явуулсан нийт хугацааныхаа туршид дор хаяж нэг удаа ирж байсан хүмүүсийн амьдралд арилшгүй ул мөр үлдээгээд зогсохгүй сурагчдынхаа ирээдүйн амьдралд томоохон нөлөө үзүүлдэг.

Улаанбаатар дахь «Русский Дом»-ийн (РЦНК) албан ёсны хуудсуудаас илүү их арга хэмжээний тухай мэдээлэлтэй танилцах боломжтой.

Telegram – @RussianhouseMongolia
VK – @russianhouse_mongolia
 

01.09.2023
Дээш