Монголоос элсэх элсэгчдэд зориулсан Оросын дээд боловсрол

Нийтлэлийн үндсэн зураг

Монгол Улсад Оросын боловсролын түвшинг өндрөөр үнэлж, манай улсын соёлыг ихэд сонирхож байна. Оросын их дээд сургуульд суралцах квотын тоо нэмэгдэж байна. "Россотрудничество"-ийн зохион байгуулдаг биечлэн оролцоотой болон зайны арга хэмжээнүүдийн ачаар их сургуулийн төлөөлөгчид дунд сургуулийн сурагчидтай танилцаж, хамгийн авъяаслаг хүүхдүүдийг сонгох боломжтой байдаг.

Монголоос элсэж буй элсэгчид Оросын их дээд сургуульд хэрхэн элсдэг, ямар мэргэжлээр суралцдаг гэх мэт олон сонирхолтой зүйлийн тухай «Россотрудничество»-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Улаанбаатар хот дахь «Русский дом»-ын захирлын үүрэг гүйцэтгэгч Валерия Килпякова ярьж байна.

8,000
Оросын их дээд сургуулиудад 8000 монгол оюутан суралцаж байна
≈70,000
Монгол Улсын 70000 орчим иргэн ЗХУ ба Оросод боловсрол эзэмшсэн

Оросын их дээд сургуульд элсэх шалтгааны тухай

Оросын дээд боловсролын нэр хүнд социализмын дараах үеийн эхэнд бага зэрэг буурсан боловч одоо ч гэсэн хангалттай өндөр түвшинд хадгалагдаж үлдсэн хэвээр байна.

Нэгдүгээрт, социализмын үед Монголд бүтээн байгуулагдсан бөгөөд технологийн хувьд Зөвлөлт/Оросын стандартад суурилсан Улаанбаатар төмөр зам, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, ДЦС-ийн зэрэг дэд бүтэц одоо ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Технологийн хувьд нарийн бүтэцтэй объектуудын засвар үйлчилгээ болон мэдээллийн тогтмол шинэчлэлтийг хангахад зөвхөн Оросод бэлтгэгдсэн зохих мэргэжилтнүүд шаардлагатай байдаг.

Хоёрдугаарт, социализмын үед, тэр дундаа хамтарсан судалгааны экспедицийн системээр хөгжсөн шинжлэх ухаан, боловсролын хэлхээ холбоо алга болоогүй байна.

Шинжлэх ухааны судалгааг үргэлжлүүлэх шаардлага нь монгол залуусыг Оросын их дээд сургуульд сургах замаар шинэ боловсон хүчин бэлдэх нөхцөлийг бодитоор бүрдүүлсэн. Монголын ахмад үеийнхэн залуучуудын сэтгэлгээнд нөлөөлж буй хүчин зүйл бас маш их ач холбогдолтой.

Квотын тухай

Квотын тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд өрсөлдөөн бага хэвээр байна. Цар тахлын улмаас Оросын их дээд сургуулиудын өрсөлдөөн нэг байранд 2 хүн болж буурсан. Сургуулийн сургалтын хөтөлбөрт орос хэлний хичээл хангалтгүй байгаагаас орос хэлний мэдлэг муу байгаа нь их чухал ач холбогдолтой байна: 7-8 ангид долоо хоногт 2 цаг, 9-р ангид 3 цаг, төгсөлтийн 12-р ангид орос хэл огт заахгүй байгаа.

Монгол Улсын иргэдэд зориулсан боловсролын квотууд

2022-2023 онд – 600 квот
2021-2022 онд – 550 квот
2017-2018 онд – 450 квот

Эрэлттэй мэргэжлүүдийн тухай

Оросын дээд боловсролын тогтолцоо нь эдийн засгийн олон салбарын мэргэжилтэн бэлтгэх өндөр чанарын суурьтай байдаг тул дунд сургуулийн сурагчид, оюутнууд, тэр дундаа монгол оюутнуудтай хийх мэргэжлийн чиг баримжаа олгох идэвхтэй ажил үргэлж ач холбогдолтой байдаг. Бидний одоогийн гол зорилт бол залуучуудын анхаарлыг зөвхөн нийслэлийн эсвэл Санкт-Петербург хотын бус, харин Оросын бүс нутгийн их дээд сургуулиудад хандуулах явдал юм. Красноярск, Новосибирск, Улаан-Үд болон Монголтой ойр байгаа бусад бүс нутагт маш сайн сургуулиуд байдаг.

Монгол оюутнуудын дунд эрэлт ихтэй чиглэлүүд гэвэл анагаах ухаан, хууль зүй, олон улсын харилцаа, эдийн засаг зэрэг салбарууд байна. «Сэтгэл судлал»-ын чиглэлээр суралцах хүсэлтэй элсэгчдийн тоо нэмэгдэж байна. Мэдээллийн технологи болон инженерийн чиглэлүүд эрэлттэй болж байна.

Ойрын жилүүдэд Монголд «Союз Восток» хийн хоолой баригдахтай холбогдуулан «Цахилгаан эрчим хүч, цахилгааны техник», «Газрын тос, байгалийн хийн мэргэжил», «Газрын тосны үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулалт» зэрэг чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай болж магадгүй байна.Томск хотын Политехникийн их сургууль ирэх хичээлийн жилээс Монголоос оюутан элсүүлэн авч, сургаж эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байгаа.

Одоогоор Монгол Улсын 300 гаруй иргэн ТПУ-ын дипломтой. Одоо бий болж буй Улаанбаатар дахь Русский Дом – «Союз Восток» хийн хоолой – ТПУ хэмээх холбоо нь ирээдүйн үр ашгийн төлөө ажиллаж байна. Монголоор дайран өнгөрөх хийн хоолойн хэсэгт зориулсан боловсон хүчин тун удахгүй хэрэг болж магадгүй бөгөөд монгол залуус нэр хүндтэй, эрэлттэй мэргэжилтэй болох бүрэн боломжтой байна.

25.08.2022
Дээш