Оросын их дээд сургуулийн гадаад төгсөгчдийн амьдрал хэрхэн өрнөж байгааг харах их сонирхолтой байдаг. Хүн бүр өөрийн гэсэн замаа сонгодог. Манай булангийн ихэнх баатрууд эх орондоо буцахыг сонгож, энэ нь тэдний амьдралын зам гэж хардаг. Ийм түүхүүд амьдралын философи ба дэлхий ертөнцийг илүү сайхан болгох хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг.
Төгсөгчдийн хойч үеийнхэнд ийм урам өгсөн жишээ нь Улаанбаатар хотын Дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Баярдаваагийн Мэндбаярын түүх байж болно.
Мөрөөдлийн хүчийн тухай
Би хүүхэд байхаасаа Орост суралцахыг мөрөөддөг байсан. Гэхдээ миний энэ мөрөөдөлдөө хүрэх зам богино ба хялбар байгаагүй. Миний театрын их сургуульд элсэх түүх 2011 онд эхэлсэн. Тухайн үед би Монгол Улсын консерваторид суралцаж байсан бөгөөд энэ нь миний анхны оролдлого байсан. Харамсалтай нь энэ оролдлого бүтэлгүйтсэн. Консерваторийг төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт дөрөв гаруй жил жүжигчнээр ажилласны дараа би хуучны мөрөөдлөө санасан.
2014 онд би найруулагч болох хүсэлтэй байгаагаа ойлгосон. Би элсэлт ба суралцах боломжит хувилбаруудын тухай мэдээллийг судалж эхэлсэн боловч ... харамсалтай нь элсэлтээс хоцорсон байсан. Ингээд би хоёр дахь боломжоо алдсан.
Нэг жилийн дараа би Оросын шинжлэх ухаан, соёлын төвд орос хэл дахин сурахаар очсон. Тухайн үед хэлний дүрэм болон харилцан яриа хөгжүүлэх хичээлийн хооронд орос хэлний багштайгаа би мөрөөдлийнхөө талаар ярилцсан. Ингээд миний гурав дахь оролдлогоо хийх цаг ирсэн. Нэг жил идэвхтэй хэл сурсны дараа би ГИТИС-д элсэхээр явсан.
Тэр удаа Москва явахад надтай нэгэн хөгжилтэй түүх тохиолдсон. Намайг тосох ёстой байсан найз маань намайг ирэхийг огт мартчихсан байсан. Би том хотод ганцаараа хүнд ачаатай үлдсэн. Тэр үед би төөрөлдөж, үнэхээр их айсан. Хачирхалтай нь тэр өдөр миний огт танихгүй монгол хүн надад тусалсан.
Тухайн үеийг би маш их талархалтайгаар дурсдаг. Оросын нийслэлд өнгөрүүлсэн 11 хоногийн хугацаанд би маш их сэтгэгдэл цуглуулсан. Тэгээд энэ удаад би зорилгодоо хүрч чадсан. Шалгалтаа амжилттай өгөөд, хичээлийн жил эхлэхэд тайван бэлдэхийн тулд буцаад Монгол явсан.
ГИТИС ба Оросын тухай
Хичээлийн жил эхэлснээр надад амаргүй байх нь тодорхой болсон. Би хичнээн их хичээж, бэлдэж байсан ч гэсэн суралцахад хэцүү байсан. Бидний оюутны өдөр өглөөний 09:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл үргэлжилдэг байсан. Гадаад оюутан байсан миний хувьд орос хэл хамгийн хэцүү хичээл ба сорилт хэвээр байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Орос хэл бол гоёмсог хэл боловч үүний зэрэгцээ сурахад маш хэцүү хэл бөгөөд өдөр бүр миний хүчийг сорьдог байсан. Надад тэвчээртэй хандаж, хэл сурахад минь дэмжлэг үзүүлж, тусалж байсанд би ангийнхандаа маш их талархдаг. Би тэдэнгүйгээр хэл сурч чадахгүй байх байсан нь лавтай.
Хичнээн хүндрэл бэрхшээлтэй байсан ч гэсэн ГИТИС-д өнгөрүүлсэн цаг хугацаа миний хувьд маш их аз жаргалтай үе байсан.
Би мэргэжлээ эзэмших хүсэл дүүрэн байсан. Би энэ зорилгодоо хүрэхэд хамгийн тохиромжтой газар байсан. Монголд ердөө нэг дуурийн театр, нэг драмын театр байдаг. Энэ утгаараа асар том театруудтай Москва хот монгол оюутанд эцэс төгсгөлгүй урам зориг өгдөг байсан.
Миний амьдралын энэ цаг үетэй холбоотой бас нэгэн гайхалтай дурсамж бий. Сургалтын эхний жил манай ангийнхан надад Монгол руу яваад буцаж ирэх тасалбар бэлэглэсэн. Энэ нь шинэ жилийн гэнэтийн бэлэг байсан. Энэ бол үнэхээр гайхамшигтай мөч байсан, учир нь тэр шинэ жил аавтай минь өнгөрүүлсэн сүүлийн шинэ жил байсан. Исаакянчуудын* гайхалтай ангийнхны тухай энэ халуун дурсамжийг би амьдралынхаа туршид өөртөө авч явдаг.
*Исаакянчууд – Георгий Георгиевич Исаакяны ангийн оюутнууд
Элсэгчдэд өгөх зөвлөгөө
Орост суралцаахаар төлөвлөж буй хүмүүст би дараах зөвлөгөө өгмөөр байна:
- Орос хэл сур. Хэлний мэдлэг нь таны давуу тал ба таны туслах болно.
- Яг сурахыг хүсч байгаа зүйлээ судал. Мэргэжил эзэмших чин хүсэл нь хүнд хэцүү үед маш их урам зориг өгдөг.
- Мэргэжил/хот/их сургуулиа нухацтай сонго.
- Бүх зүйл бүтэхгүй байсан ч гэсэн битгий бууж өг. Энэ заавал өнгөрөх болно.
- Ном унш. Ном мэдлэгийн цоорхойг нөхөхөд тусална.
Мэргэжлийн карьер ба замналын тухай
ГИТИС-д суралцах эхний жилдээ би Москвад үлдэж, Орост мэргэжлийн карьераа үргэлжлүүлэх хүсэлтэй байсан. Харин дараа нь би Монголд буцаж ирээд, театрын урлагийг энд хөгжүүлэх ёстой гэдгийг ойлгосон. Яг ийм болж таарсан.
Улаанбаатар хотын Дуурь бүжгийн эрдмийн театрт би шинэ статустайгаар буцаж ирсэн. Одоо би театрын найруулагч болсон. Соёлын сонирхолтой төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг надад олгодог театрын удирдлага ба намайг дэмжиж, бүтээлч харилцаатай байдаг "Русский Дом"-д (РЦНК) би талархаж байна. Бидэнд бахархах зүйлс байгаа бөгөөд цаашид хийх зүйл ч бас их байна.